2014-05-29
Байерн Базельд амьсгаа авах боломж өгсөнгүй

Дэлхийн хөлбөмбөг сонирхогчид  аваргуудын лигийн түүхэнд  тодоор тэмдэглэгдэн үлдэх бас нэгэн тоглолтын гэрч боллоо.

Байерн Мюнхен өнгөрөгч долоо хоногт Хоффенхаймыг 7:1 харьцаатай ялж,  эргээд формондоо  орж яваагаа  чанга дуугаар мэдэгдсэн. Базель  бол Байерны дөрөв хоногын дотор долоон  гоолоор буулгаж авсан хоёрдахь өрсөлдөгч  юм. Ерөөсөө Байерн өөрийн талбай дээр хүчирхэг тоглодог  бөгөөд өмнөх  тоглолтонд Базельд 1:0 –ээр хожигдсон тоглолтын хариуг олон дахин нугалж авах , тэдэнд “ Аллианс Арена”д амьсгалах боломж өгөхгүй байх зорилготой байсан. Базель өөрийн талбай дээрээ хожиж  байсан  Байерн биш  харин тэдэнд “нударгаа чангахан   зангидсан”   цоо шинэ  өрсөлдөгчтэй нүүр тулсан юм.

Юп Хайнкес  Хоффенхаймын эсрэг тоглосон яг л тэр тактикийг сонгосон. Филипп Лам баруунд, Алаба зүүн жигүүрийг хамгаалж тоглосон. Зөвхөн  энэ тактикаар долоон гоол ороод байдаг гэж харвал  арай өрөөсгөл болох байх. Үүнд тоглолтын өрнөл, тоглогчдын идвэхи , сэтгэл зүй , эсрэг багийн хамгаалалт зэрэг олон зүйл нөлөөлөх нь ойлгомжтой. Базель тоглолтын эхнээс авхуулаад дуустал Байерны өрсөлдөгч болж чадаагүй. Өөрөөр хэлбэл Базель  энгийн  бэлтгэл хангагч шиг хэт  жижгэрсэн.  Энэ нь тэдний тактикийн алдаанаас гадна тоглогчдоос гарах ёстой тэмцэгчийн  сэтгэл зүй маш доогуур байсантай холбоотой. Ерөөсөө аваргуудын лигийн шөвгийн наймын төлөө өрсөлдөгч  баг шиг байж чадаагүй.  Базелийг хайр найргүй бут ниргэхэд  Гомес дөрөв,  Роббен хоёр, Мюллер нэг гоол оруулсан. Харин Рибери гурван дамжуулалт, Роббен , Бадштубер , Швайнштайгер нар нэг гоолын дамжуулалт өгсөн.

 

Базелийн хамгаалалт

Базелийн дасгалжуулагч Хайко Фогель өрсөлдөгчийнхөө Хоффенхаймтай хийсэн тоглолтоос том сургамж авсан байх учиртай. Хоффенхайм тухайн үед Байерны эсрэг 4-1-4-1 тактиктай тоглосон харин Хайко  Фогель 4-4-2 тактикийг сонгожээ. Мэдээж энэ нь  өөрийн тоглогчдын онцлогт хамгийн тохиромжтой байрлал байх. Гэхдээ тоглолтын явцад хамгаалалт болоод хагас хамгаалалтын тоглогчдын хүлээсэн давхар үүрэг хэр амжилттай биелэгдэхээс шалтгаалах нь ойлгомжтой. Нэг үгээр тоглогч дасгалжуулагчийн зааврийн  дагуу тоглох  эсвэл харанхуйгаар байрлалаа дагаад гүйгээд байх уу гэдгээс хамааралтай.  Роббен болон Рибери шиг жигүүрийн довтлогч нарыг  маш чөлөөтэй гүйлгэж, мөн  тун их хөдөлгөөнтэй Мюллерийг тогтоох хэн ч байгаагүй  нь  хамгаалалтын  хамгийн том алдаа болсон гэж харагдаж байна.   Мэдээж Фогель өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ирсэн харин тоглогчид нь  түүнийг хэрэгжүүлж чадаагүй гэж ярьжээ. ” Ийм хол зөрүүтэй  ялагдахаас өөр таагүй зүйл гэж байхгүй. Биднээс өрсөлдөгчдөө хариу барих юу ч байсангүй.  Байерны эсрэг  хэрэгжүүлэх ёстой төлөвлөгөөг биелүүлж чадаагүйд  багийнхандаа   сэтгэл дундуур байна” гэжээ.   ” Энэ бүхэн надад тун хүнд байв. Би  байнга цагаа харж энэ бүхэн хэзээ дуусах бол   гэж бодож байлаа” гэжээ.

Байерны хоёр жигүүрийн гурвалжин

Багагүй хугацаанд завсарласан Роббен аажмаар хуучин формоо олж байна.  Роббен сүүлийн хоёр тоглолтонд маш идвэхтэй тоглосон нь  Лам баруун жигүүрт гарсантай холбоотой. Үүнээс Рафиньяа Роббентой төгс ойлголцож чаддаггүй гэдгийг дахин тодорхой харууллаа. Тоглолтын эхний үед Лам төв рүү давшилтанд түрж орсоноор  эсрэг тоглогчдыг өөртөө татаж Роббенд зай гаргаж байсан. Тоглолтын эхэн үед Роббен довтолгоог арай илүү хувийн тоглолтоор төгсгөөд байгаа ажиглагдсан. Эхний хоёр гоол Роббений жигүүрээс орсон. Холланд тоглогч өөрийн нэрийн хуудас болсон хууралт, цохилтыг хэний ч саадгүйгээр хийсээр байсан . Эхний гоолыг өөрөө оруулж, хоёрдахь гоолын дамжуулалтыг Мюллерт өгч түүгээр зогсохгүй төгсгөлийг нь амжилттай хийсэн. Лам , Мюллер, Роббен гэсэн гурвалжин баруун талд хүчтэй тоглолт үзүүлсэн. Харин Зүүн жигүүрт Алаба бөмбөгийг тууж давших үед  Базелийн хоёр тоглогч зэрэг түүний зүг очиж  байсан нь Риберид  чөлөөтэй гүйх зайг нээж өгч байсан.  Тони Кроос бага зэрэг зүүн тал руу тоглосоноор  Рибери, Алаба нартай холбогдож бас нэг гурвалжинг үүсгэсэн.

Байерн                                                                                                                                                                                       Базель

Нэгдүгээр үед орсон гурван гоол бүхэлдээ муу тоглолттой Базелийг улам гүнзгий хямралд оруулсан. Төвийн шугамд Байерны хамгаалалтын өмнө цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэсэн Луис Густаво Базелийн бараг бүх сөрөг довтолгоог таслан зогсоосон. Мөн түүний давшилтанд хувиарлаж өгсөн диагналь болон босоо   дамжуулалтын ихэнхи нь оновчтой бөгөөд  зөв болсон.

Рибери, Роббен болон Мюллерийн довтолгоог амилуулсан тоглолтын хамгийн чухал фактор  бол жигүүрийн хөндлөн дамжуулалт байсан. Байерн сүүлийн хоёр тоглолтонд хөндлөн дамжуулалтыг маш олон хийсэн тоо байна. Хамгийн гол нь эдгээр урт,  богино дамжуулалтууд гоолын инстинкт сайтай Марио Гомесд  хүрч чадаж байв.

Зургаан гоол орсоны дараа Бастиан Швайнштайгер талбайд гарч ирсэн. Нилээд олон долоо хоног завсарласан хагас хамгаалагчийн хувьд энэ тоглолт чухал байсан. Тоглолтын практик муутай хэдий ч  долоо дахь гоолын дамжуулалтыг өгч чадсан.

Уг нь тооны харьцаа 7:1 –ээр төгсөх ёстой байсан юм шиг. Хажуугийн шүүгчийн гаргасан шийдвэрээр Александр Фрай оруулсан  гоолыг тооцоогүй.

Гоолын дамжуулалт өгсөн тоглогч дамжуулалт хүлээн авахдаа отон тоглолтонд ороогүй байдал

 

Базель энэ удаад маш муу тоглосон гэдгийг давтан хэлье.  Байерн Мюнхений хувьд дараагийн өрсөлдөгчийн эсрэг  үүн шиг  довтолгоотой тоглолтыг үзүүлж чадах эсэх нь асуулт хэвээрээ үлдэж байгаа юм.Ирэх тойргийн тоглолтонд нийслэл хотын Херта  Байерныг хүлээж авна. Харин дараагийн долоо хоногт цомын хагас шигшээд  тэднийг энэ улиралд хоёр удаа буулган авсан тун чамбай хамгаалалттай Мөнхенгладбахчууд хүлээж байгаа билээ. Эдгээр тоглолтын дараа Байерн үнэхээр хүчтэй байна уу үгүй юу гэдэг харагдах юм.

Бичсэн: Delgerchuluun | цаг: 09:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax